Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, ажилчин албан хаагч, эцэг эх сурагчид та бүхнийхээ  гэр бүлд боловсролын шинэчлэлийн түүхэн гарааны эхэнд хамт байж, тэрхүү  үйлсийн төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулж ирсэнийг онцлон тэмдэглээд, “Нутгийн-Аваргууд” сургуулиас хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж  ажил хөдөлмөр, сурлага урлаг спортод нь өндөр амжилт хүсэн ерөөе.

“Бие эрүүл бол сэтгэл эрүүл” хэмээсэн сайхан үг бий. Өмнөх үеийн  өвөг дээдсийн ахуй амьдрал, зан үйл нь одоогийнхоор бол биеийн тамирын бүхий л шинж чанаруудыг хадгалж, нүүдэлчдийн мөнхийн хөдөлгөөнд оршиж байжээ. Нэг ёсондоо бол монголчуудын уламжлалт аж ахуй нь биеийн тамир байжээ гэсэн үг. Даяаршсан өнөөгийн нийгэмд  биеийн тамир, спортод үзүүлэх ач холбогдол улам бүр өсч байна. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын өв тэгш хөгжил, эрүүл чийрэг байдал нь үндэстний аюулгүй байдлын баталгаа, үеийн үед оршин байх учиртай тусгаар тогтнол юм. Төр засгаас хэрэгжүүлэх энэхүү бодлогын хүрээнд манай Нутгийн-Аваргууд сургууль байгуулагдсан гэхэд болно.

Тус сургуулийн эрдэмтэн багш, дасгалжуулагч, ажилчдын нөр их хөдөлмөр хичээнгүй зүтгэл, эвсэг найрсаг хамт олны уур амьсгал, хүүхэд багачуудын маань сурч боловсрох их хүсэл тэмүүлэл, эцэг эхийн халуун дулаан сэтгэл, харилцан хамтын ажиллагааны үр дүнд сургуулийн үйл ажиллагааны чанар улам бүр дээшилж  байна. 

Хөвсгөл аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөх өв тэгш хүмүүжилтэй иргэд,  шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах сургуулийнхаа ирээдүйд эргэлзэхгүй байна.

Төгөлдөр бие, төгс эрдэм, түвшин амьдралыг та бүхэндээ хүсэн ерөөе!